Хэзээ ч айж үзээгүйгээрээ өчигдөр айж үзлээ. Тэнгэр нураад ирж байгаа юм шиг л санагдав. Зөндөө их бүр маш их бас олон ч жил гомдоож явжээ. Өөрөө мэддэггүй, үгүй ээ мэдэхийг ч огт хүсдэггүй байж. Өөрөө өөртөө уур бухимдал, хорсол зэвүүцэл, үзэн ядалт зэрэг төрөв. Бас өөрийгөө өндөрт өргөж явдаг байсан зөвхөн өөртөө зориулан зохиосон өөр хэнийг ч хайхраагүй үзэл бодол минь нулимсан дуслаар өмнөө дэлгээд тавьсан ажлын төлөвлөгөөний дэвтэр дээр бэхний толботой холилдон навс унав. Тэнэг юм аа би, өөдгүй, арчаагүй бас хулчгар юм. Яаж тэсдэг байсныг нь сонсоод өр өмрөв, үхтлээ ичив. Хэнийг ч хэзээ ч гуйж үзээгүйгээрээ ичгүүр сонжуургүйгээр гуйв. Элэг зүрхийг нь хэмэлж, эд эсийг нь үхүүлсэнийхээ төлөөсийг төлөхийн тулд үхтлээ гуйв. Үгүй ээ худлаа. Бас л айгаад... Хүний биш өөрийнхөө төлөө, өөртөө байгаа үнэт зүйлээ алдаж байгаагаа мэдрээд айгаад... Хайртай, зөндөө их хайртай, маш их, дэндүү чанга хайртай гэдгээ мэдрэв. Харамлахгүй ээ. Энэ долоохон үсэгтэй ганцхан үгийг. Одоо алдахгүй ээ. Алдах эрх ч байхгүй.